Sunday, November 28, 2010

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРҮҮД

АГУУЛГА 2

Нэг. ЕрӨнхий мэдээлэл

1.1. Судалгааны үндэслэл 4

1.2. Судалгааны зорилго, зорилт 5

1.3. Судалгааны арга зүй 5

ХОЁР: ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН

ТАЛААРХ ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧИГ БА ҮНДЭСНИЙ

ХУУЛЬ ТОГТООМЖ 9

ГУРАВ: ХҮҮХДИЙГ НАЙМААЛАХ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, САДАР

САМУУНЫ СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ, МАНСУУРУУЛАХ

БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ БОРЛУУЛАХАД ТАТАН ОРОЛЦУУЛАХ,

ХҮЧЭЭР ХӨДӨЛМӨРЛҮҮЛЭХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГИЙН

НӨХЦӨЛ БАЙДАЛ 17

ДӨРӨВ. УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР

4.1. Уул уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийн шалтгаан

4.2. Уул уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийн орчин, нөхцөл ТАВ: ХОТ СУУРИН ГАЗАР ДАХЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР

5.2. Хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд

5.4. Захуудад ажиллагч хүүхдүүд

6.1. Айлд мал маллаж буй хүүхдүүдийн хөдөлмөр

6.2. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна. Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж буй сүүлийн 20 орчим жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшинд буюу хууль тогоох, бодлого боловсруулах эрх мэдэл бүхий Монгол Улсын Их Хурлаар хүүхдийн хөдөлмөр ялангуяа, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байгаагүй байна.

Нөгөө талаас манай улсад эрхлэж буй хөдөлмөрөөсөө шалтгаалан эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхний тоо улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй устгах тухай олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар цогц судалгаа хийж, бодлогын санал зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэхүү судалгааны тайланд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, тэдгээрийн шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тодорхойлж, цаашид бууруулах, таслан зогсоох арга замуудыг тодорхойлоход чиглэгдсэн болно.

1,2. Судалгааны зорилго, зорилт, арга зүй:

1.1. Судалгааны үндэслэл:

Уг судалгаа нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, бие махбодь, сэтгэл санааны хувьд сөрөг үр дагавар бүхий тэвчишгүй, хүнд хөдөлмөр эрхлэж буй шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тодорхойлж, тэдгээрийг бууруулах, таслан зогсоох арга замуудыг тодорхойлох зорилго дэвшүүлсэн. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

  • Хүүхдийн хөдөлмөр, ялангуяа тэвчишгүй, хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн талаар бодит байдалтай танилцах, нэгдсэн мэдээлэл судалгааны сан бүрдүүлэх,
  • Уул уурхайн салбар дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонгон авсан аймаг, орон нутгийн хэмжээнд судалгаа, дүн шинжилгээ хийх
  • Тухайн салбар дахь хүүхдийн хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцах
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн хор уршиг, үр дагаврын талаар олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчилгаа мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг болно.

1.3. Судалгааны арга зүй:

Уг судалгааны ажлын хүрээнд дараах аргазүйг хэрэглэв. Үүнд:

Бичиг баримтын судалгаа:

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх олон улсын болон дотоодын холбогдох хууль, эрх зүйн актууд, баримт бичгүүдийг судлах, дүн шинжилгээ хийх замаар тухайн асуудлын онол арга зүйн үндэслэлийг тодорхойлно. Үүнд:

v Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд холбогдох олон улсын гэрээ, конвенц, баримт бичгүүд, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, стандарт

v Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрхзүн актууд, бодлогын баримт бичгүүд /хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан/;

v Уг асуудлаар яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам;

v Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгааны тайлан, мэдээлэл;

;

Тоон судалгаа:

- Анкетын судалгаа: Үүнд:

Хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэх шалтгаан, хөдөлмөр эрхлэлтийн эерэг ба сөрөг тал, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл мэндийн ба боловсролын үйлчилгээ зэрэг асуудлыг тусгасан 25 асуулт бүхий анкетаар судалгаа авав.

Чанарын судалгаа:

Чанарын судалгаа нь анкетын судалгааны стандартчлагдсан асуулгад үндэслэсэн боловсруулсан удирдамжийн дагуу ярилцлага, ажиглалтын аргын хэлбэрээр зохион байгуулагдсан.

- Ярилцлага:

Ярилцлагын асуултуудыг ярилцлага хийх удирдамжийн хамт тусгайлан боловсруулсан бөгөөд ганцаарчилсан, бүлгийн, экспертүүдийн ярилцлага зэрэг хэлбэртэй байв. Ярилцлагад хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд, тэдний эцэг, эх, ажил олгогчид, засаг захиргааны болон удирдах албан тушаалтан, ажил олгогч, цагдаа, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс хамрагдсан юм.

Бүлгийн ярилцлагаар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн талаарх олон нийтийн үзэл бодлыг тодорхойлох, тэдний ажлын нөхцөл, сургуульд хамрагдалт, хөдөлмөр зохицуулалт, энэ талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулах зорилготой байлаа.

Хоёр: Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх олон

улсын баримт бичиг ба үндэсний хууль тогтоомж

Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар НҮБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас батлан гаргасан олон тооны гэрээ конвенцид нэгдэн орж, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээжээ.

Монгол Улс Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 59 дүгээр конвенцид 1969 онд, Газар дор болон уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 123 дугаар конвенцид 1981 онд, Хүүхдийн эрхийн тухай конвенцид 2000 онд, Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн 33 дугаар конвенцид 2000 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн даруй устгах, хориглох тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид 2001 онд, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протоколд 2002 онд, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцид 2002 онд, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд 2003 онд, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд 2004 онд тус тус нэгдэн орсон байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19, 32, 33, 34 дүгээр зүйлүүдэд ”Оролцогч улсууд нь хүүхдийг худалдах, хил дамжуулан худалдах, хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих, хүүхдийг садар самууны үзүүлбэр, сурталчилгаанд ашиглах, хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийлэл, эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, боловсрол эзэмшихэд нь саад болох аюултай ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг нь хүлээн зөвшөөрч, ажилд авах насны доод хязгаарыг тогтоох, ажлын цаг болон хөдөлмөрийн нөхцлийг нь зохистой зохицуулж энэ зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан нь хүүхдийн хөдөлмөртэй холбоотой суурь зарчмууд бөгөөд эдгээр зарчмуудыг улам бүр дэлгэрэнгүй болгон нарийвчилж заалт тус бүрээр нь дагнасан Конвенц, нэмэлт протоколууд, зөвлөмжүүд гарсан нь оролцогч улсуудын хүлээх үүрэг, хийх ёстой ажлыг улам бүр тодорхой болгосон байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 123 дугаар конвенцид “Газар дор болон уурхайд ажиллагсдыг ажилд авах насны доод хязгаарыг 15 нас” гэж, Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 59 дүгээр конвенцид “16 нас” гэж, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцид “Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд ямарч тохиолдолд 15 наснаас доошгүй, өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын хувьд 18 наснаас доошгүй байна” гэж тус тус заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 14-15 настай хүүхэд 7 хоногт 30 хүртэл цаг ажиллаж болох бөгөөд 7 хоногт ажлын 5 өдөртэй өнөөгийн нөхцөлд хүүхэд өдөр дутам 6 хүртэл цаг ажиллаж болохоор байх тул тухайн хүүхэд сургуульд суралцах ямарч боломжгүй гэсэн үг юм. ХНДХ-ын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцид хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд ямарч тохиолдолд 15 наснаас доош байж болохгүй гэж заасан тул манай хуулиар 14-15 насны хүүхдийг 7 хоногт 30 цаг хөдөлмөр эрхлүүлж болохоор заасан нь дээрхи конвенцийн заалттай зөрчилдөж байна гэж үзэх үндэстэй байна.

Тэгээд ч эцэг эхчүүдийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт төлөвшөөгүй, ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдол ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд 14-15 насны хүүхэдтэй эцэг эхийнх нь зөвшөөрлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлүүлж болохоор хуульчилсныг хүүхдийн эрхийн тааламжтай хамгаалалт гэж үзэх боломжгүй байна. Иймд хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд хөдөлмөр эрхлэх насны хэмжээтэй холбоотой заалтуудыг хянан үзэж зохицуулах шаардлагатай байна.

Манай улсын хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд ”Насанд хүрээгүй хүнээр оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглож, насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ. ОУХБ-ын холбогдох баримт бичгүүдэд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болохуйц гэсэн 3 шалгуурыг тавьсан байхад манай хуульд зөвхөн оюун ухааны хөгжил, эрүүл мэнд гэсэн шалгуурыг авч “аюулгүй байдал, ёс суртахуун” гэсэн шалгууруудыг орхигдуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан байна. Энэ жагсаалтаар 17 төрлийн 300 гаруй төрлийн ажлын байрыг насанд хүрээгүй хүн ажиллуулж болохгүй ажлын байр гэж үзсэн байна

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцид “улс орнууд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн жагсаалтыг гаргаад зогсохгүй, эдгээр жагсаалтыг байнга хянан өөрчилж, ийм төрлийн хөдөлмөр оршин байгаа газрыг тогтоож, түүнийг устгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” хэмээн заасан байна. Манай улсын тухайд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр байгаа газрыг тогтоосон, түүнийг хэрхэн устгах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээнд дагнан гарсан үйл ажиллагааны хөтөлбөр одоогоор байхгүй байна.

Гурав: Хүүхдийг наймаалах, бэлгийн мөлжлөг, садар самууны

сурталчилгаанд ашиглах, мансууруулах бодис үйлдвэрлэх

борлуулахад татан оролцуулах, хүчээр хөдөлмөрлүүлэх

зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал

Хүүхдийг биеэ үнэлэх үйл ажиллагаа, садар самууны үйлдвэрлэл, сурталчилгаанд ашиглахыг хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үздэг тул энэ гэмт хэргийн нөхцөл байдлыг судлан тогтоох нь түүнээс урьдчилан сэргийлэх гол нөхцөл мөн. Эрүүгийн хуулийн 115-р зүйлд насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол торгох, албадан ажил хийлгэх, 3 сар хүртэл баривчлах ял оноохоор заажээ. Харин энэ хэргийг хүүхэд хүмүүжүүлэх үүрэг бүхий этгээд, эцэг эх, асран хамгаалагч үйлдсэн , эсвэл хүч хэрэглэж, давтан үйлдсэн бол ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулхаар заасан.

Хуулийн байгууллагуудаас гаргасан баримжаа тоогоор гудамж талбайд биеэ үнэлдэг 1600 орчим, гадаад улс оронд биеэ үнэлдэг 1000 орчим, караокед биеэ үнэлдэг 400 орчим, саун, массажны газар биеэ үнэлдэг 200 гаруй буюу давхардсан тоогоор 2300 орчим биеэ үнэлдэг эмэгтэйчүүд байдаг гэж тооцсон байна.

Нийслэлийн цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсээс гаргасан мэдээгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буюу нэгдсэн арга хэмжээгээр биеэ үнэлдэг нь тогтоогдсон, хүүхдийн байцаагчийн хяналтанд байдаг насанд хүрээгүй охидын тоо 2005 онд 93, 2006 онд 156, 2007 оны эхний 9 сарын байдаар 127 гэж гарсан байна.

Улаанбаатар хотод 200 орчим зочид буудал, 700 орчим баар цэнгээний газар, 130 орчим саун массажны газар, 50 орчим караоке үйл ажиллагаа явуулж, тэднийг ажиллуулж буй хүмүүс ашиг орлого олохын тулд биеэ үнэлэгчидтэй хамтарч ажилладаг, тийм үйл ажиллагааг хөхиүлэн дэмждэг тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн яригдах болсон нь оргүй зүйл биш. Зарим зочид буудал, баар, саун биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулж байсан тухай мэдээлэл шалгагдаж байсан байна.

Манай улсын хувьд биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт хамрагдаж байгаа охидын судалгааг төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс нилээдгүй хийсэн байна. Охидуудын бэлгийн харьцаанд орж байгаа насны дундажийг 14.4 гэж судалгаагаар тогтоосон боловч зарим тохиолдолд 8 настайдаа ч бэлгийн харьцаанд орсон тухай зарим судалгаанд дурдсан нь анхаарал татаж байна. Насанд хүрээгүй охидын анх бэлгийн харьцаанд орсон байдлыг судалж үзэхэд найз, үе тэнгийнхэнтэйгээ гэж 45.5 хувь нь, хойд эцэг, дагавар хүүхэдтэй нь гэж 36.1 хувь нь, тэнэмэл хүмүүс, танихгүй хүнтэй гэж 18.2 хувь нь, мөнгөтэй болохын тулд өөрийн хүсэлтээр гэж 16.4 хувь нь тус тус хариулсан байна.

Охидыг бэлгийн мөлжлөгт татан оролцуулдаг, зуучилдаг хүмүүст биеэ үнэлэгч насанд хүрсэн эмэгтэйчүүд, өмнө нь биеэ үнэлж байгаад больсон эмэгтэйчүүд, траншейнд амьдардаг үе тэнгийн хөвгүүд, үе тэнгийн биеэ үнэлэгч охидууд, цагаан утасны үйлчлэгчид, зочид буудлын үйлчлэгч, хүлээн авагчид, таксины жолооч нар, бар шөнийн цэнгээний газрын үйлчлэгчид, үйлчилгээний газрын хамгаалагч нар хамрагддаг байна.

Охидуудыг бэлгийн мөлжлөгт ашиглагдах, биеэ үнэлэх, бэлгийн хүчирхийлэлд өртөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж байгаа зар, сурталчилгаанууд ихээхэн нөлөөлж, боломж олгодог гэж үзсэн байна. Тухайлбал интернет дахь нийтлэл, порно үзүүлбэрүүд, ТВ-ийн дуу хөгжим, клиптэй зар сурталчилгаанууд, TV чатууд, FM радиогоор цацагдаж байгаа зарууд нь гэмт этгээдүүд дээрх үйл ажиллагаагаа явуулахад нь боломж олгодог, бас дэмжлэг үзүүлдэг байна.

2007 онд “Монголын Эмэгтэйчүүдийн сан” төрийн бус байгууллага, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимтэй хамтран “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилж буй өнөөгийн байдал” сэдэвт тандалтын судалгаа явуулж, өдөр тутмын 1 сонин, чөлөөт хэвлэлээс 2 сонин, орон даяар нэвтрүүлгээ цацдаг МҮОНТВ ба зөвхөн УБ хотод нэвтрүүлгээ цацдаг С1, ТV8 телевизүүдийн tv чат сувгийг сонгон авч зар сурталчилгааны байдалд нь судалгаа хийжээ. Ер нь биеэ үнэлэгч насанд хүрээгүй охидын хувьд өөрөө бие даан биеэ үнэлэх явдал бараг байдаггүй бөгөөд ихэвчлэн зуучлагчаар дамжуулан үйлчлүүлэгчээ сонгодог, орлогоо зуучлагчаараа дамжуулан авдаг нь илт байна. 14-15 насны бүх охид, 16-18 насны охидын 53.6 хувь нь зуучлагчаар дамжуулан үйлчлүүлэгчээ олж биеэ үнэлдэг байна. Тэгвэл үйлчлүүлэгчийн насны байдлыг үзэхэд үйлчлүүлэгчийн дундаж нас 33.3 бөгөөд хамгийн залуу нь 14-тэй, хамгийн ахмад нь 60 настай хүн байжээ.

3.2. Хүүхэд худалдаалах, хил дамжуулан худалдаалах гэмт хэрэг

Манай улс дахь ажилгүйдэл, ядуурал, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал газар авсан, иргэд олноороо гадаадад гарч цагаачлан хөдөлмөр эрхэлж, ажиллаж амьдрах болсон, гадагшаа чиглэсэн ажиллах хүчний том урсгал болон залуучуудын ямар аргаар ч болов гадаадад явах гэсэн хүсэл, эрмэлзлэлийг тойрсон урилга, визийн зөвшөөрөл, охид эмэгтэйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлэх, зуучлах тухай зарлал мэдээлэл чөлөөтэй явагдаж, хууль бус залилан мэхлэх үйл ажиллагаа цэцэглэж байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, хил дамжуулан худалдаалах, бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэрэг үйлдэгдэх таатай нөхцлийг бүрдүүлж байна хэмээн манай Комиссын 2003 оны илтгэлд тэмдэглэж, 2000 онд 2 эмэгтэйг Европын орнуудад аваачиж биеийг нь үнэлүүлж, улмаар худалдаж байсан хэргийн тухай дурьдаж, энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулж байжээ

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэл ихтэй бүлгүүдийн тоонд биеэ үнэлэгчид, тэр тусмаа насанд хүрээгүй биеэ үнэлэгчид, хараа хяналтгүй орон гэргүй хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалтанд байдаг хүүхдүүд, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг ядуу амьдралтай хүүхдүүд ордог. Тэд нарийн зохион байгуулалт бүхий гэмт бүлэглэлүүдийн ашиг олох хамгийн тохиромжтой, хямд төсөр обьект нь болдог.

Иймээс хүүхэд худалдаалагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон чиглэлээр ажиллах шаардлага урган гарч байна. Үүний нэг нь Монгол улсаас гадаадын иргэд хүүхэд үрчлэн авах тухай асуудал мөн. Сүүлийн жилүүдэд гадаадын иргэд манай улсаас хүүхэд үрчлэн авах асуудал ихэссэн нь анхаарал татаж байна.

Монгол улсын Хил хамгаалах Ерөнхий газраас гаргасан мэдээгээр 2005 онд Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2005 онд гадагшаа 23053 хүүхэд гарснаас 21668 хүүхэд буцаж орж ирж 1385 хүүхэд буцаж ирээгүй, 2006 онд 26118 хүүхэд хилээр гарснаас 22523 хүүхэд буцаж ирж, 3595 буцаж ирээгүй, 2007 онд 38054 хүүхэд хилээр гарснаас 36545 хүүхэд буцаж ирж, 1509 хүүхэд тус тус буцаж ирээгүй байна. Энэ тооноос харахад гадагшаа гарч байгаа хүүхдийн тоо жилээс жилд өссөн байна. Хэдийгээр хүүхдүүд гадаад оронд зорчих, суралцах нь хүүхдийн эрхийн асуудал хэдий ч үүний далбаан дор хүүхэд худалдаалагдах гэмт хэрэг явагдаж байхыг үгүйсгэх аргагүй. Эдгээр хүүхдүүд яагаад буцаж ирээгүй болхыг магадалдаг, авч гарсан насанд хүрэгсэдтэй нь зохих хариуцлагыг тооцдог, хянан шалгадаг тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Харин манай улсын тухайд хүүхдийг хүчээр болон албадан хөдөлмөрлүүлсэн, боолчилсон, мансууруулах бодис бэлтгэх, худалдах борлуулах, садар самууны үйлдвэрлэл, сурталчилгаанд хүүхдийг татан оролцуулсан тухай мэдээлэл, шийдвэрлэсэн хэрэг материал одоогоор байхгүй байна. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал, хараа хяналтгүй хүүхэд ихтэй өнөөгийн нөхцөлд ийм гэмт хэрэг гарахгүй баталгаа байхгүй байна. Хуулийн байгууллагын ажилтнуудын эдгээр гэмт хэргийн талаарх мэдлэг, ойлголт хангалттай биш байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт тооцогддог, эрүүгийн гэмт хэрэг гэж тооцохоор олон улсын гэрээ, зөвлөмжид тусгасан, эрүүгийн хуулинд заагдсан гэмт үйлдлүүдийг тайлбарлах, энэ талаарх хуулийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар анхаарал тавих нь чухал байна.

Дөрөв: Уул уурхайн салбар дахь хүүхдийн хөдөлмөр

4.1. Уул уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийн шалтгаан

Албан бус хэлбэрээр алт, жонш, нүүрс зэрэг ашигт малтмалыг гар аргаар олборлогчид, түүний дотор насанд хүрээгүй хүмүүсийн тоо эрс өсөж байна. Үүний улмаас нилээд тооны хүүхэд тэвчишгүй хүнд хөдөлмөрт татагдан орж, эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Ийнхүү хүүхдүүд албан бус, гар аргаар ашигт малтмал олборлож байгаад нилээд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд ядуурал, ажилгүйдэл, тэдгээрээс үүдсэн дотоод шилжилт хөдөлгөөн, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүйгээс болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын тогтолцоо сул байгаа зэргээс үүдэн гарч байна. Зарим тохиолдолд эцэг эхчүүд боловсролын үнэ цэнийг ойлгодоггүй, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй байдал нөлөөлж байна. Хүүхэд ядууралд өртөх нь эцэг эх, гэр бүлийн ядууралтай холбоотой байна. Ядуурал орлогын болон боломжийн гэсэн агуулгатай байна. Өрхийн орлогын ядуурал нь олон хүүхдийн хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг хязгаарлан тэднийг гудамжинд амьдрах, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх, биеэ үнэлэх, гэмт хэрэгт өртөх шалтгаан болсоор байна[1]. Мөн хүүхэд хөдөлмөр эрхлэх явдалд дараах хүчин зүйлс түлхэц үзүүлдэг байна. Энэ нь сургуульд амжилттай суралцаж чадахгүй байгаа хүүхдүүд ажиллах замаар өөрийн гэр бүлийн амьжиргаанд хувь нэмэр оруулах шаардлагатай болдог. Ийнхүү зарим хүүхдүүд нь бусад ах, эгч дүүсийнхээ сурах нөхцлийг хангах үүднээс мөнгө олохын тулд сургуулиас гарах ёстой болдог байна[2].

Ажил олгогчдын байдал:

Албан бусаар алт олборлох үйл ажиллагаанд хүүхдүүд олноор татагдан орсон боловч тухайн хөдөлмөрийн төрөлд албан ёсны ажил олгогч, хөдөлмөрийн гэрээ хэлэлцээр, ажлын тогтвортой байр зэрэг зүйлс байхгүй байна. Олонх тохиолдолд гэр бүлээрээ нэг баг болон ажиллаж байгаа бөгөөд энэ тохиолдолд эцэг эх, хамаатан садан нь хүүхэд ажиллуулсныхаа төлөө шууд мөнгөн төлбөр төлдөггүй байна. Хүүхдүүдэд энэхүү алт, жонш олборлох ажлыг санал болгосон хүмүүсийг авч үзэхэд 16-17 нас хүүхдүүд ихэвчлэн өөрсдөө (алт олборлогч хүүхдүүдийн 45.8 хувь, жонш олборлогч хүүхдүүдийн 58.8 хувь) энэ ажлыг хийхээр шийдсэн, 12 хүртлэх насны хүүхдүүдэд ихэвчлэн эцэг, эх, ах, эгч нь (алт олборлогч хүүхдүүдийн 51.6 хувь, жонш олборлогч хүүхдүүдийн 84.3 хувь) санал болгосон байна. Энэ нь уурхай дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд эцэг, эхчүүд ихээхэн нөлөөлдөг болохыг харуулж байна. Тиймээс ажил олгогч ба хүүхдүүдийн хооронд хөдөлмөрийн гэрээ, хэлцэл байгуулж, аюулгүйн ажиллагааны заавар журам зэргийг танилцуулсан тухай мэдээлэл байхгүй байна.. Үүнд:

o Хэт давчуу, гүн нүх, бохир ус

o Хэт халуун буюу хэт хүйтэн орчин

o Амрах, хооллох, ажиллах цагийн дэглэмгүй байх

o Хөдөлмөр хамгааллын стандарт үйлчлэхгүй, мөрдөхгүй байх

o Техникийн аюулгүй байдал хангагдаагүй байх

o Насанд хүрэгчдийн зүй бус нөлөөнд автах эрсдэл

o Химийн хорт бодистой ажиллах, хордох эрсдэл

Дээр дурдсан хөдөлмөрийн нөхцөл байдлууд нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, хөгжил болон үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь томоохон хаалт, хориг саад болж байна.

Гар аргаар алт олборлохдоо ямар нэг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг тодруулахад хөдөлмөр хамгааллын амны хаалт, бээлийг харьцангуй өргөн, малгай, чихний бөглөө, татлага бэхэлгээг хааяа хэрэглэдэг хандлага ажиглагдаж байна. Хүүхдүүдийн хувьд хөдөлмөрийн багаж, хэрэгслийн хувьд нэг удаагийн хэрэглээний ажлын бээлий, газар ухах хүрз зээтүү, лоом, алт угаах, ялгахад ашиглах хуванцар түмпэн, шороо хийх сав буюу шуудай зэргийг өргөн хэрэглэж байсан. Тиймээс эдгээр хүүхдүүдийн хувьд шороонд дарагдах, нүхэнд унах, бие эрхтэндээ шарх сорви авах, хөлдөх, хайруулах зэрэг эрсдлүүд байнга тохиолддог. Үүний улмаас өвчин эмгэг тусах, осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна.

Насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүүхдүүд ихээхэн эмзэг хүмүүс юм. Тэдний бие махбодь нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байх тул осолд орох, тодорхой хэмжээгээр бэртэх зэргээр эрсдэлд өртөх нь эрүүл мэндийн хувьд эдгэршгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Ажлын аюултай нөхцөл, хэт ачаалал нь хүүхдүүдэд насанд хүрэгчдийг бодвол илүү хурдан нөлөөлж гүнзгий хор урхаг үлдээдэг байна .

Тиймээс хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн хувьд усанд буюу нүхэнд унах, шороо, чулуу эсвэл багаж хэрэгсэлдээ цохиулах, нурсан шороонд дарагдах зэрэг эрсдлүүд тохиолдож эрсдэлтэй бөгөөд үүний үр дүнд хөл гар шалбарах, гэмтээх, шарх сорви авах нь байнга тохиолддог, хэвийн зүйл мэт болсон байна. Улмаар нуруу, толгой, хөл гар, дотор эрхтэн өвдөж, ханиалгах зэргээр эрүүл мэндэд сөрөг өөрчлөлтүүд гарсаар байна. Энэ байдал нь байнга даарах буюу халууцах, ядрах, хүйтэн усанд буюу газар доорх нөхцөлд ажиллаж, хангалттай хоол тэжээл авч, эрүүл м Хүүхдийн хөдөлмөрийн сөрөг нөлөөг нэгтгэн авч үзвэл:

o Амь нас, эрүүл мэндэд аюултай, эрсдэл өндөр

o Амрах, эрүүл өсөж бойжих, хөгжих, оролцох зэрэг боломжийг хаах

o Сэтгэл санааны болон бусад дарамт учруулах

o Ёс суртахууны ба харилцаааны төлөвшил сул

o Сургууль, боловсролоос хөндийрүүлэх

o Боловсролын чанарт сөрөг нөлөөлөх

o Ядуурлыг үе дамжуулан урхагшуулах зэрэг муу үр дагавартай

Хөдөлмөр эрхэлж байгаа олон хүүхэд суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, сургуулиас завсардах, сурлагаар хоцрогдох эрсдэл бодитой байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд нь хүүхдийг сургууль боловсролоос хөндийрүүлэх, үр дүн, чанарт сөрөг нөлөө бий болгох, улмаар боловсрол эзэмших боломжийг нь хааж байна. Мөн гэр орон болон эцэг эхээс нь хөндийрүүлдэг, хүүхдэд сэтгэл санааны болон бусад дарамт учруулах, амрах, эрүүл өсөн бойжих, хөгжих зэрэг олон боломжийг алдагдуулах, ёс суртахуун, оюун ухааны хөгжилд нь сөрөг нөлөөтэй бөгөөд аюултай байдалд хийгддэг, хүүхдийн эрхийг зөрчдөг болох нь тодорхой байна.

Ялангуяа, уул уурхайд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд аюултай, бохир, тусгаарлагдсан орчинд ажиллаж, улмаар насанд хүрэгчдийн болон нөхцөл байдлын зохисгүй хяналт дор, хүчирхийлэл, дарамт амсах магадлал өндөр байна. Иймд тэдний хувьд эрүүл байх, амьдрах, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй бодож сэтгэх зэрэг эрх нь ноцтой зөрчигддөг байна.

Албан бус уурхайн хөдөлмөр дэх дараах нөхцлүүд нь энэ хэлбэрийн хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хүнд хэлбэрийн гэж тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Үүнд:

o Хэт давчуу, гүн нүх, бохир ус

o Хэт халуун буюу хэт хүйтэн орчин

o Амрах, хооллох, ажиллах цагийн дэглэмгүй байх

o Хөдөлмөр хамгааллын стандарт үйлчлэхгүй, мөрдөхгүй байх

o Техникийн аюулгүй байдал хангагдаагүй байх

o Насанд хүрэгчдийн зүй бус нөлөөнд автах эрсдэл

o Химийн хорт бодистой ажиллах, хордох эрсдэл

Иймд ОУХБ-ын зөвлөмжид заасны дагуу эдгээр хөдөлмөрийн төрлүүдийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамааруулж үзэх ёстой.

ТАВ: ХОТ СУУРИН ГАЗАР ДАХЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР

Хүүхдийн хөдөлмөрийн устгах тухай 182 дугаар конвенцийн 3 дугаар зүйлийн d хэсэгт заасны дагуу мөлжлөгийн чанартай, олон цагаар үргэлжилсэн, хүнд нөхцөлтэй, хүүхдийн бие махбодь, эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлөхүйц, боловсрол олоход нь саад болж байгаа ажил, хөдөлмөрийг тэвчишгүй хэлбэртэй гэж үзэн судлагдахууныг тодорхойлсон болно

Хот суурин газрын албан бус хэвшил дэх хүүхдүүдийн хөдөлмөрийн голлох төрлүүд нь жижиглэнгийн худалдаа (хүнсний зүйл, сонин сэтгүүл болон бусад туслах хэрэгсэл) ачаа зөөх, үүрэх, вагон түрэх, чирэх, хоёрдогч түүхий эд цуглуулах, утсаар яриулах, мод хөрөөдөх, хагалах, автомашин угаах харах, авто засвар, нийтийн хоолны газруудад ажиллах, нийтийн тээвэрт мөнгө хураагч хийх, урлаг, цирк, хувцас загварын үзүүлбэрт тоглох, цэвэрлэгээ хийх, айлд гэрийн үйлчлэгч хийх, хүүхэд харах зэрэг байна. Харин албан салбарын хувьд тоосго, барилга, оёдол, нэхмэл, мод бэлтгэх үйлдвэрүүд, зочид буудлуудад хүүхдүүд ажиллах нь харьцангуй элбэг байгаа юм. Хэвлэл мэдээлэл, урлаг соёлын байгууллагуудад цөөн тооны хүүхэд гэрээ байгуулан ажиллаж байна. Хүүхдүүдийн эрхлэж буй хөдөлмөрийн төрлөөс хогийн цэгт ажиллах, зах, хэт хүнд ачаа өргөх, зөөх (ихэвчлэн зах, үйлчилгээний төвүүд, төмөр замын вокзалд хийгддэг), мал, мах бэлтгэх зэрэг ажлууд тэвчишгүй шинжтэй байгаа бөгөөд нэн даруй хоригловол зохих хөдөлмөр мөн. Түүнчлэн, түгээмэл биш ч хүнд нөхцөлтэй, хүнд нөхцөлтэй биш ч хэт олон цагаар үргэлжилсэн буюу шөнийн цагаар эрхэлдэг хөдөлмөр нь тэвчишгүй шинжтэй байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа ч бага насны хүүхдүүдээр гуйлга гуйлгах, шаардах, зохион байгуулах явдал гарч байгаа бөгөөд ийм төрлийн мөлжлөгт хараа хяналтгүй хүүхдүүд өртөх эрсдэл өндөр байна.

Хөдөлмөрийн орчин эрүүл ахуйн шаардлагыг хангаж чаддаггүй болон хүйтний улиралд олон цагаар гадаа ажилладаг зэрэг шалтгааны улмаас хөдөө, орон нутгийн хот суурин газарт хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн дунд амьсгалын замын, шээс ялгаваруулах тогтолцооны эмгэг, элдэв төрлийн харшил элбэг байна.

Хот суурин газар дахь хүүхдийн хөдөлмөр нь олон төрөл хэлбэртэй, тус тусын онцлогтой боловч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай, сурч боловсроход ямар нэг хэмжээгээр саад болж байгаагийнхаа хувьд ижил төсөөтэй юм. Урлагийн салбарт ажиллаж байгаагаас бусад төрлийн хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд, тэдний эцэг эх хүүхэд хөдөлмөр эрхлэх нь таагүй зүйл гэж үздэг нь дийлэнх байгаа хэдий ч өрхийн орлого багатайн улмаас хүүхдүүдээ хөдөлмөр эрхлүүлсээр байна. Хөдөлмөрийн хэв шинжээсээ үл хамааран хүүхдүүд ажлын байрандаа болон ажилдаа ирэх, буцах замдаа эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байна. Хот суурин газар дахь хүүхдийн хөдөлмөрийн зарим төрөл мөлжлөгийн шинжтэй байгаа нь анхаарал татаж байна.

5.2 Хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт өдөрт дунджаар 330 тонн орчим хог буулгагддаг бөгөөд энэ нь нийслэл хотод өдөрт хуримтлагддаг нийт хог хаягдлын 58.9 хувь нь болж байгаа юм[3]. 2006 оны 12 сарын байдлаар тус хогийн цэгээс нийт 387 хүн хог хаягдал түүж, амьжиргаагаа залгуулж байсны 82 нь буюу 21.1 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байжээ[4]. Өөрөөр хэлбэл, 2007 оны байдлаар ойролцоогоор 120-140 орчим хүүхэд Улаанчулуутын хогийн цэгт хөдөлмөр эрхэлж байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд Монгол Улсын Засгийн газраас хүргүүлдэг үндэсний 3, 4 дүгээр илтгэлд нийслэл хотын хэмжээнд 8-17 насны 130 хүүхэд хогийн цэг дээр хөдөлмөр эрхлэж байгаа тухай дурдсан байна. Хогийн цэгт хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа байна.

насанд хүрээгүй эцэг, эхчүүд байгаагийн шалтгаан нь тэдгээр хүүхдүүдэд гэр бүл, насанд хүрэгчдийн анхаарал, хараа хяналт сул болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын боловсролын түвшин доогуур байгаатай холбоотой юм. Гэхдээ хэдийгээр хогийн цэгт хүүхдээ хөдөлмөрлүүлдэг боловч хүүхэдтэйгээ байнга хамт байж, хараа хяналтаасаа гаргадаггүй эцэг, эх байгааг ч үгүйсгэж болохгүй.

Хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх болсон шалтгааныг судлахад 44.7 хувь нь өдөр дутмынхаа хоол хүнсийг олохын тул, 28.2 хувь нь гэр бүлээ тэжээхийн тулд, 11.7 хувь нь аав, ээж шаардсан учраас ажиллаж байгаа гэжээ. Хүүхэд хөдөлмөр эрхлэхийн давуу талуудыг эцэг, эхчүүд ядрахыг мэддэггүй учраас олон зүйлийг амжуулдаг (31.5 хувь), хөнгөн учраас хогийн машин дээр хурдан гардаг (8.2 хувь), сайн хардаг учраас хэрэгцээт зүйлсийг амархан олдог (7 хувь) хэмээн дүгнэсэн байна. Хүүхдийн хөнгөн, хурдан шаламгай, ядарч байгаагаа анзаардаггүй байдал нь тэднийг хогийн цэгт ажиллуулах хүчин зүйл болж байгаа нь харагдаж байна.

Цуглуулдаг зүйлс

Өдөрт цуглуулах хэмжээ

Өдөрт олох орлого /төгрөгөөр/

Цаас

3.4 кг

61

Картон цаас

33 кг

490

Шил

97 ширхэг

610

Хөнгөн цагаан лааз

1.3 кг

580

Төмөр лааз

0.05 кг

30

Ундаа, усны хуванцар сав

1.5 кг

510

Зөөлөн хуванцар

3.3 кг

320

Хатуу хуванцар

6.3 кг

320

Төмөр

24 кг

450

Хуванцар тор

1.0 кг

140

Нийт 3500 төгрөг

Захуудад ажилагч хүүхэдүүд

Улаанбаатар хотын том, жижиг захууд, худалдааны төвүүдэд 1800 орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрээс цар хүрээ, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийнхээ тоогоор хамгийн том нь Нарантуул зах байгаа бөгөөд 2007 оны байдлаар тус захад 450 орчим хөдөлмөр эрхлэгч хүүхэд бүртгэгдсэн талаар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын үндэсний гурав ба дөрөвдүгээр тайлан илтгэлд дурджээ.

Хөдөлмөрийн орчин, хэв шинж

Захуудад хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн ихэнх нь тоосонцор, дуу чимээ ихтэй орчинд өвөл, зуны аль ч улиралд ил задгай газарт ажиллаж байна. Түүнчлэн зах, худалдааны төвүүдэд машин олноор цуглардаг учраас тэнд ажиллагсад их хэмжээний утаа угаар, хорт хийтэй орчинд нөхцөлд хөдөлмөрлөж байгаа юм. Хэдий байдал ийм ч зах дээр ажиллагсдад шаардлагатай үедээ орж дулаацах, амрах байр байхгүй байна. Хөдөлмөрийн орчны энэ мэт сөрөг байдал нь хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэндээрээ хохироход хүргэж байна.

Захуудад ажиллагч хүүхдүүд тэргэнцэрээр ачаа зөөх, ачаа өргөх, ачих, буулгах, жижиглэнгийн худалдаа хийх (чихэр, жимс, хоол, хүнсний зүйлс, сонин уут, хүүдий зарах), машин угаах, харах, гутал тослох, төмс, ногоо ялгах зэрэг ажил хийж байна. Хүйсээр авч үзвэл эрэгтэй хүүхдүүд тэргээр болон тэрэггүйгээр ачаа зөөх ажлыг голлон хийдэг бол эмэгтэй хүүхдүүд хүнсний хаягдал цуглуулах, жижиг бараа зарах ажлуудыг хийдэг ажээ.

Тэрэг түрдэг хүүхдүүд гол төлөв 15-18 насны хөвгүүд байгаа бөгөөд манай. Эдгээр хүүхдүүд нэг удаад доод тал нь 10-20 кг, дээд тал нь 500 кг-аас 1 тонн хүртэл ачаа зөөж, тээвэрлэж байна. Энэ нь Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан насанд хүрээгүй хүнээр өргүүлэх, зөөлгөх хэмжээнээс 4-8 дахин их байгаа юм. Ерөнхийдөө тэргэнцэрээр ачаа зөөж байгаа хүүхдүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-8 дахин, ачаа зөөж байгаа хүүхдүүд 4-5 дахин хүнд ачаа зөөж байгаа бөгөөд хэмжээнээсээ хэт илүү ачаа зөөж яваад осолд орох, ачаандаа даруулах, гэмтэл, бэртэл авах тохиолдолууд байнга гардаг байна.

Барс зах дээр барааг их хэмжээгээр нь бөөндөж, борлуулдаг тул ачаа ачих, буулгах хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо харьцангуй өндөр байдаг. Тэд вагоноос хүнсний бараа, материал буулгах, машинд ачих, түүнийг захын складууд уруу зөөх, буулгаж хураах, үүрч зөөх, төмс хүнсний ногоо сортлон ялгах, шуудайлах, лангуу хүртэл зөөх ажлууд голдуу хийгддэг.

Мод, түлээ, нүүрсний зах дээр ажилладаг хүүхдүүд машинаар ачиж ирсэн мод, түлээ, банзыг буулгаж хураах, машинд ачих, мод хөрөөдөж, жижиглэх хагалах шуудайлах, мод, түлээ, нүүрсийг зөөж, айл гэрт хүргэх зэрэг ажлуудыг хийж байна.

Хөдөлмөрийн хуулиар 14-15 насны хүүхдүүд өдөрт 6 хүртлэх цаг, 16-17 насны хүүхэд 7 хүртлэх цаг ажиллахыг зөвшөөрсөн ч зах дээр ажиллаж байгаа хүүхдүүд ихэвчлэн өглөө зах цугларахад ирээд орой тарахад ажлаа дуусгаж байна

Зах дээр ажилладаг хүүхдүүдэд дараах төрлийн хүндрэл бэрхшээл тохиолддог байна. Тухайлбал:

· Томчуудын зүгээс дарамт, шахалт үзүүлэх

· Ажлын хөлсийг дутуу олгох

· Таарч тохирох ажил олдохгүй байх

· Үдийн хоол идэж, унд уух боломж нөхцөл муу байх

· Зарим тохиолдолд том хүүхдүүд, согтуу, хөлчүү хүмүүс, гудамжны хүүхдүүд мөнгө нэхэх, дээрэмдэх, зодох

· Дээрэмдүүлсэн хүнд зодуулсан, осол, гэмтэлд орсон үед харж хандах, туслах хүн олдохгүй байх

Бэрхшээл тохиолдсон хүүхдүүд тэр бүр бусдаас дэмжлэг, тусламж авч чаддаггүй байна. Захуудад хүүхдийн эрхэлж буй хөдөлмөрийн төрлүүдээс эрүүл мэндэд сөрөг үр дагавартай, нэн даруй устгавал зохих тэвчишгүй шинжтэй нь хүнд ачаа өргөх, зөөх байна. Хэдийгээр захууд дахь хүүхдийн хөдөлмөрийн төрлүүд хүнд, хөнгөн янз бүр боловч хэт олон цагаар, амралтгүйгээр ажиллаж байгаагаараа тэвчишгүй хөдөлмөрийн шинжийг агуулж байна. Мөн Төмөр замын орчимд хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд тоосжилт, дуу чимээ ихтэй орчинд ажиллаж байна. Үүний зэрэгцээ тэд хэт хүнд ачаа үүрч, зөөж байгаа нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байна. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн ихэнх нь вокзал, ачаа тээшийн хэсэгт ачаа ачих, буулгах, тэрэг түрэх, зорчигчдын гар тээшийг хүргэж өгөх зэргээр ажиллаж байна..

Зургаа. Хөдөө аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөр

6.1. Айлд мал маллаж буй хүүхдийн хөдөлмөр

Монгол орны эдийн засгийн нэг гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь шижилтийн явцад нилээд өвөрмөц шинжтэй болсон. Хөдөө аж ахуйн нэгдлийн малыг хувьчилснаар мал аж ахуй үндсэндээ хувийн хэвшлийн аж ахуй болж, малын тоо толгой эрс өсөж, олон мянган малтай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт мал маллаж байсан цөөн тооны малтай иргэд удаа дараагийн ган, зуд, бусад шалтгаанаар малын тоо нь багасаж бусдын малыг маллаж амьдрахад хүрчээ.

Тариа, ногоо тариалж, мал өсгөн үржүүлж байсан сангийн аж ахуйнууд хувьчлагдаж газар тариалангийн салбарт хувийн жижиг аж ахуйнууд зонхилох болсон байна. Зарим иргэдийн малын тоо толгой эрс өссөнөөр тэдгээр малчид бусдаар малаа маллуулах, ажиллах хүч хөлслөх хэрэгцээ шаардлага урган гарч ирсэн байна. Хөдөө аж ахуйн салбарт гарсан эдгээр өөрчлөлтүүдтэй уялдан мал аж ахуйн салбарт айлд мал маллаж байгаа хүүхдийн хөдөлмөрийн шинэ хэлбэр бий болсон байна.

Мал маллаж буй хүүхдүүдийн 30 хувь нь өвөө, эмээ, ах, эгчийндээ, 41.9 хувь нь бусад хамаатныдаа, 28.1 хувь нь хамаатан бус айлд ажиллаж байна. Насны бүлгийн хувьд, бага буюу 6-11 насны хүүхдүүд эмээ, өвөө, ах, эгчийндээ (43.1 хувь), харин 12-14 насны хүүхдүүдийн хувьд хамаатан бус айлд (34.3 хувь), 15-17 насны хүүхдүүдийн бусад хамаатныдаа ажилладаг гэсэн хувь тус тус хамгийн өндөр байна.

Айлд хөлсөөр мал маллаж байгаа хүүхдүүд ихэнх тохиолдолд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ хийдэггүй, эцэг эхтэй нь хөдөлмөрийн хөлс, нөхцлийнх нь талаар урьдчилан тохиролцож бичгийн гэрээ хбайгуулдаггүй ихэвчлэн аман хэлбэрээр мал маллуулагчийн тавьсан болОхөдөлмөрлөдөг болох нь харагдаж байна. Үүнээс шалтгаалан хүүхдүүд хохирох, хөдөлмөрөө мөлжүүлэх, эрх ашиг нь зөрчигдөх явдал гарсаар байна.

Айлд мал маллаж буй хүүхдүүдийн 50 гаруй хувь нь хоногт 8-10 цагаар ажилладаг зарим тохиолдолд үүнээс ч илүү цагаар ажилладаг, мал төллүүлэх, алдсан мал хайх, салхи шуурганд хөөгдөх, цас бороонд норох, даарах, олон цагаар хоол ундгүй явах, өлсөх, цангах зэрэг хүнд нөхцөл байдлууд тохиолддог тул өөрсдийнхөө хөдөлмөрийг хүнд гэж тодорхойлсон байна. Иймээс айлд мал маллаж буй хүүхдийн хөдөлмөрийг ялангуяа, бага насны буюу суурь боловсрол эзэмших насны хүүхдийн хөдөлмөрийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамруулж, хориглох, мал аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэнд орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тавих хяналтыг сайжруулах, орон нутагтаа байнга хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

6.2. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр

Монгол орон эрт дээр үеэс эхлэн эрийн гурван наадам хийж баярлаж цэнгэдэг өвөрмөц зан заншил, уламжлалтай орон юм. Эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морийг бага насны хүүхдүүдээрээ унуулж уралдуулдаг нь нэг талаас бахархалтай ч нөгөө талаас нь ялангуяа, хүүхдийн аюулгүй байдал талаас нь харахад ихээхэн эрсдэлтэй, сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.

Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан нь зөвхөн үндэсний баяр наадмаар хязгаарлагдахаа больж, хурдан морины уралдааныг өвөл зунгүй, маш олон шалтгаанаар зохион байгуулж, зарим талаар морины уралдаан нь бизнесийн шинжтэй болж, хурдан морь унаж уралдуулдаг хүүхдийн тоо өсөх болсон нь хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгийг ярихаас өөр аргагүйд хүргэсэн байна. Засгийн газраас ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, Баяр наадмын тухай хууль гаргаж, хурдан морины уралдааны дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталж мөрдүүлж, 7-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглож, хүүхдүүдийг даатгалд хамруулж, хамгаалалтын хувцас өмсүүлдэг болгосон нь хүүхдийн эрхийн чиглэлээр хийсэн зарчмын ач холбогдолтой арга хэмжээ болсныг үгүйсгэх аргагүй.

Үүний зэрэгцээгээр хурдан морины уралдаанд морь унаж буй хүүхдийн тухайд нэг дүгээрт хүүхдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлын тухай асуудал, хоёрдугаарт хүүхдийн хөдөлмөрийн хөлс үнэлгээний тухай асуудал онцгой анхаарал хандуулах асуудал болсоор байна Хурдан морины уралдаан нь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулахгүй гэсэн баталгаа байхгүй байна. Зарим хүмүүс хурдан морь уралдах нь харин ч хүүхдэд бие бялдрын хүмүүжил олгодог, хүүхдийг хэрсүүжүүлдэг гэж үздэг хэдий ч энэ үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх ямарч боломжгүйг баримт судалгаа харуулж байна. Хурдан морь унаач хүүхдүүд морь уралдах явцдаа мориноосоо унаж амь насаа алдсан, бие эрхтэндээ гэмтэл, согог авсан тохиолдол багагүй гарсаар байна.

Гэмтэл согог сэргээн засалтын үндэсний төвийн судалгаагаар 2003-2007 онд нийт 220123 хүн эмнэлгийн тусламж авсан байна. Эдгээрийн 816 нь мориноос унаж гэмтэл авсан хүүхдүүд байсан ба энэ нь нийт тусламж авсан хүмүүсийн 0.3 хувийг эзэлж байна гэж гарчээ.

Хурдан морь унах явцдаа мориноосоо унаж, эрүүл мэнд нь ноцтой хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон баримт жишээ цөөнгүй байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт 2004 онд зохион байгуулагдсан уралдаанд 12 настай эмэгтэй хүүхэд мориноосоо унаж, түнх, булууны яс нь хугарч, хөлгүй болж, байнгын тахир дутуу болсон бөгөөд эмчилгээний зардал байхгүйгээс гадаадад явж эмчлүүлж чадахгүй болсон.

2005 онд холбогдох байгууллагууд хамтарч хурдан морь унаач хүүхдийн үндэсний чуулган зохион байгуулж, тэдний дунд санал асуулга явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Үндэсний чуулганд оролцсон 120 орчим хүүхдэд эмнэлгийн үзлэг хийхэд 30 гаруй хувь нь бөөрний үрэвсэлтэй, 20.0 хувь нь элэгний үрэвсэлтэй, ихэнхи нь нүүрэндээ шарх сорвитой байсан ба, санал асуулганд хамрагдсан оролцсон 59 хүүхдийн 33.8 хувь нь морь уралдаж байхдаа мориноосоо унаж байсан гэж, 10.1 хувь нь бэртэл гэмтэл авч байсан гэж, 38.9 хувь нь өвлийн улиралд морь уралдах явцдаа хөл, гар, нүүрээ хөлдөөж хайруулж байсан гэж, 28.9 хувь нь хурдан морь уралдахад ядардаг гэж, 10 гаруй хувь нь хурдан морь унах үед айдас төрдөг гэж тус тус хариулсан байна. Эдгээр тоо, баримт мэдээллүүд нь хурдан морь унаач хүүхдүүд нь бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулж, аюул занал учруулж байдгийг бэлхнээ харуулж байна.

Хамгаалалтын хувцас хэмээн эдгээр зүйлүүдийг дүрэмд нэрлэсэн ч тэдгээр хувцас нь ямар загвар, стандарт, чанар, хэмжээтэй байх нь тодорхой биш байгаа учраас ямар зүйлийг хамгаалалтын хувцас гэж үзэх нь ч хүндрэлтэй байна. Иймд хамгаалалтын хувцасны талаар судалгаа явуулж, ямар төрлийн, ямар үзүүлэлттэй хамгаалалтын хувцас хэрэглэхийг ч нарийвчлан тогтоох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэгчид өөрсдөө санаачлага гаргаж, эмээл, дөрөө, малгай зэрэг зүйлийг хийж, гаднаас зарим хэрэглэлийг оруулж ирж байгаа боловч үнийн хувьд харьцангуй өндөр байна. Иймд хамгаалалтын хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх асуудлыг төрөөс дэмжих хөгжүүлэх асуудал шаардлагатай байна.

Хурдан морь унаач хүүхдийн эрхтэй холбогдон яригдах нэг асуудал нь тэдний хөдөлмөрийг үнэлэх, хөлс олгох асуудал мөн. Дээр дурьдсан дүрэмд хурдан моринд олгох бай шагналын 20-иос дээш хувийг унаач хүүхдэд олгоно гэж заасан байна. Харин уралдаанд оролцсон морьдын 30 хүртэл хувийг барьж бай шагнал олгодог байна. Гэтэл хацраа сайртаж, бөгсөө холготол морь уралдуулаад морь нь барианд ороогүй хүүхдүүд яах вэ тэдний хохь болох уу гэсэн асуудал ч гарч ирж байна. Энэ мэтээр хурдан морины хүүхдийн хөдөлмөрийг тойрсон олон асуудал хүүхдийн эрхийн үүднээс зөв шийдлээ хүлээсээр байна.

Хурдан морь унаач хүүхэд нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох бодит эрсдэл дагуулсан, уг сурвалж нь баяр цэнгээний гаралтай, тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулдаг, хөдөө орон нутгийн хүүхдийн хувьд нийтлэг шинж чанартай, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөр хамгаалал, эрх зүйн талаар бүрэн зохицуулагдаагүй байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү ажлыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамруулах үндэстэй хэмээн үзэж байна.



[1] Хїїхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 3 ба 4 дїгээр тайлан илтгэл, 2007 он 7 хуудас

[2] МБХАН, Монгол дахь сургууль завсардалтын судалгаа, Тайлан 2006 он, 60 хуудас

[3] Нийслэлийн хот тохижуулах газрын мэдээгээр єдєрт дунджаар 560 тонн хог хуримтлагддаг байна.

[4] Улаан Загалмай Нийгэмлэгийн Нийслэлийн зєвлєл